ЖОЛООЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
- Энэхүү журам нь UBCAB систем ашиглан хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж буй жолоочийн зорчигч, компанитай харилцах харилцаа, үйлчилгээ үзүүлэх явцад үүсэх дотоод зохион байгуулалт, үйлчилгээний чанар, сахилга баттай холбоотой үйл ажиллагааг зохицуулахад хэрэглэгдэнэ
- UBCAB системийг ашиглан үйлчилгээний дуудлага хүлээн авдаг, хувиараа зорчигч тээвэр, стандарт такси, дуудлагын жолооч, түрээс, хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг нийт жолооч нар энэхүү журмыг дагаж мөрдөнө.
- Энэхүү журмын биелэлтэд Юбикаб удирдлагын баг хяналт тавьж ажиллана.
- Үйлчилгээний шимтгэл, төлбөр, Бүртгэлийн үйл ажиллагаа, Зөрчлийн үйл ажиллагааны журам нь энэхүү стандартын салшгүй хэсэг байна.
- Жолооч үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөлгүй, татгалзах эрхтэй. Татгалзсан тохиолдолд үйлчилгээг хүлээн авах боломжгүй байна.
- Журамд хэрэглэсэн нэр томьёог дараах агуулгаар хэрэглэнэ.
- “UBCAB систем” гэж Playstore, Appstore цахим дэлгүүрт байрших Ubcab, Ubcab driver аппликейшн, тэдгээрийн хувилбарууд, шинэчлэлтүүд, төлбөрийн систем, эх код, загвар дизайн, хэрэглэгч, жолоочийн мэдээллийг агуулсан цогц экосистемийг;
- “Жолооч” гэж Ubcab систем ашиглан хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байгаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй иргэнийг;
- “Хэрэглэгч” гэж Ubcab системийг ашиглан дуудлагын үйлчилгээ авахаар хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдийг;
- “Юбикаб” гэж Ubcab системийг хөгжүүлэн жолоочид дуудлагын үйлчилгээ үзүүлж буй “Юбикаб Холдинг” ХХК болон түүний охин, хараат компани, тэдгээрийн үндсэн болон гэрээт ажилтнуудыг бүхэлд нь;
- “Жолоочийн үйлчилгээ” гэж жолоочийн хэрэглэгчид үзүүлэх хувиараа зорчигч тээвэр (Justcab, Comfort, Black, XL), стандарт такси, дуудлагын жолооч, түрээс, хүргэлт, SOS үйлчилгээг;
- “Дуудлагын үйлчилгээ” гэж Юбикабын зүгээс системийн тусламжтайгаар хэрэглэгчийн дуудлагыг жолоочид дамжуулах үйлчилгээг;
- “Хэтэвч” гэж жолооч үйлчилгээний орлого төвлөрүүлэх, төвлөрсөн орлогоос кредит худалдан авах, өөрийн арилжааны банк дахь дансандаа шилжүүлэн авах, эсхүл бусад Мерчантын үйлчилгээний холбогдох орлого зарлагыг гүйцэтгэх зориулалт бүхий аппликейшн дэх дансыг;
- “Кредит” гэж жолооч үйлчилгээ үзүүлэх шимтгэлээ урьдчилан Юбикабаас худалдан авч, ашиглах боломж бүхий шимтгэлийн үлдэгдлийг тус тус ойлгоно.
- “Мерчант” гэж Ubcab системээр дамжуулан хэрэглэгч, жолоочид өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөнгөлөлттэй нөхцөлөөр үзүүлэх гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээдийг тус тус ойлгоно.
ХОЁР. ЮБИКАБ БОЛОН ЖОЛООЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
-
Юбикабын эрх, үүрэг
- Жолооч нарыг үйлчилгээ үзүүлэх бололцоог бүрдүүлэн дуудлагыг техникийн сааталгүй дамжуулах үүрэгтэй.
- Ubcab системийн найдвартай байдлыг хангаж, тасралтгүй ажиллуулах, байнгын хөгжүүлэлт сайжруулалт хийж шинэчлэх үүрэгтэй.
- Хэрэглэгчийн болон дуудлагын тоог нэмэгдүүлэх арга хэмжээг оновчтой зохион байгуулах үүрэгтэй.
- Үйлчилгээний дотоод журмыг цаг үеийн шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох, түүний хэрэгжилтийг хангахтай холбогдсон үйл ажиллагаа явуулах үүрэгтэй.
- Үйлчилгээний стандарт, бүртгэлийн журмыг хангуулах, шаардлага хангаагүй жолоочийг бүртгэхээс татгалзах, бүртгэлээс хасах эрхтэй.
- Жолооч нарын үйлчилгээ үзүүлэх дэг журмыг бэхжүүлэх, зохион байгуулалтыг хангах сахилга зөрчигчдөд журамд заасан хариуцлага хүлээлгэх эрхтэй.
- Үйлчилгээний шимтгэлийг зохих ёсоор суутган авч, шимтгэл болон жолоочийн үйлчилгээний төлбөрийн мэдээллийг хадгалах эрхтэй.
- Хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийг саадгүй цуглуулж, жолоочийн систем дэх дансанд хадгалах, дансны үлдэгдлийг харуулах, зохих журмын дагуу харилцах дансандаа татан авах боломжоор жолоочийг хангах үүрэгтэй.
- Жолооч бүртгэлийн болон гэрээ, хууль тогтоомжийн шаардлагыг хангаж буй эсэхийг тогтоох зорилгоор жолоочийн төрд хадгалагдаж буй эмзэг мэдээллээс бусад мэдээллийг татан авах, дуудлагын үйлчилгээ үзүүлэх зорилгоор ашиглах эрхтэй.
- Шаардлага хангаагүй жолоочтой гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
- Жолоочийн гүйцэтгэлийг үнэлж, цол олгох, цол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, бусад үйлчилгээг үзүүлэх эрхтэй.
- Жолоочийн мэдээллийн дагуу тодорхойлолт гаргаж өгөх үүрэгтэй.
- Жолоочийн эмзэг мэдээлэл, биометрик мэдээлэл, генетик мэдээллээс бусад хувийн мэдээллийг жолоочийн зөвшөөрлийн дагуу цуглуулах, боловсруулах, ашиглах эрхтэй. Шаардлагатай тохиолдолд дээрх мэдээллийг өөрийн хараат болон охин компаниудад дамжуулах эрхтэй.
- Жолооч энэхүү үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрснөөр өөрийн хувийн мэдээлэл болон ХУР/ДАН системд хадгалагдаж байгаа мэдээллээ нийлүүлэхийг зөвшөөрнө.
- Дээрх мэдээллийг боловсруулах, ашиглах хугацаа нь Жолооч, Үйлчилгээ үзүүлэгч нарын хооронд байгуулагдсан гэрээний хугацаатай адил байна.
- Энэхүү журмын 2.1.10-д заасан хувийн мэдээллийг дараах зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулж болно.
- Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасан үндэслэлээр мэдээлэл дамжуулахыг шаардсан тохиолдолд тэдгээрт;
- Гуравдагч этгээдтэй холбоотой ажил үйлчилгээ үзүүлсэн бол шаардлагатай тохиолдолд тухайн гуравдагч этгээдэд;
- Охин компани, хараат компаниудад;
-
Жолоочийн эрх, үүрэг
- Өөрийн хүссэн цагтаа үйлчилгээ үзүүлж, амрах эрхтэй.
- Компанид хадгалагдаж буй өөрийн хувийн мэдээллээ гаргуулан авах, устгуулах, ажил байдлын тодорхойлолт авах эрхтэй.
- Хүссэн хугацаандаа өөрийн шимтгэлийн кредитийг цэнэглэх, худалдан авах эрхтэй.
- Хууль, гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй.
- Үйлчилгээ үзүүлсэн төлбөрөө хүлээн авах, боломжит хувилбараар зарцуулах энэ тухай шаардлагаа гаргах эрхтэй.
- Сайн дурын үндсэн дээр Юбикаб бригадын гишүүнээр элсэх, гишүүнээс гарах эрхтэй.
- Холбогдох хууль тогтоомж, энэхүү стандарт, Юбикабтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж ажиллах үүрэгтэй.
- Ажлын байрны эмх цэгц, машины ариун цэврийг сахиж галын болон техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлагыг үйлчилгээндээ дагаж мөрдөх үүрэгтэй.
- Үйлчилгээ үзүүлэхдээ өөрийн болон бусдын эрх ашиг, эрүүл мэнд, амь насыг хамгаалах талаар бүхий л арга хэмжээг авч ажиллан, хариуцлагаа бие даан хүлээнэ.
- Үйлчилгээний хэвийн ажиллагааг алдагдуулсан, түүнд саад учруулж байгаа мэдээлэл, нөхцлийг нэн даруй Юбикабд мэдэгдэх үүрэгтэй.
- Төлбөрийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч, хэрэглэгчийн төлбөрийг бүхий л сувгаар хүлээн авах, өөрийн систем дэх хэтэвчдээ цуглуулах эрхтэй.
- Юбикаб, системийн Мерчантаас худалдан авсан бүтээгдэхүүн үйлчилгээ, урьдчилан авсан төлбөрийг тусгайлсан гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй.
ГУРАВ. ЖОЛООЧТОЙ ГЭРЭЭ БАЙГУУЛАХ, ГЭРЭЭНИЙ ДАГУУ АЖИЛЛУУЛАХ, ГЭРЭЭГ ДУУСГАВАР БОЛГОХ
- Шаардлага хангасан Жолоочтой гэрээ байгуулах, гэрээг цуцлах тухай асуудлыг энэхүү стандарт болон тухайн иргэнтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.
- Үйлчилгээний журмыг зориуд санаатайгаар давтан зөрчих, ноцтой зөрчил гаргах, шударга бус ажиллах, согтуурсан, мансуурсан үедээ үйлчилгээ үзүүлсэн болон үйлчилгээний нэр хүндэд харшлах ямар нэгэн үйл ажиллагаа явуулсан, мөн зөрчлийн тухай журамд заасан тохиолдолд Юбикаб талын шийдвэрээр гэрээг цуцалж Жолоочид үзүүлэх үйлчилгээг дуусгавар болгоно.
- Юбикаб нь системд бүртгэх жолооч болон тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хууль тогтоомжид нийцүүлэн, бие даан тогтоож, энэ тухай мэдэгдэх эрхтэй.
-
Юбикаб нь дараах тохиолдолд жолоочийн эрхийг бүхэлд нь болон зарим үйлчилгээний эрхийг хаана.
- Жолооч бүртгэлийн журамд заасан ерөнхий шаардлагыг хангаагүй бол үйлчилгээний эрхийг бүхэлд нь хааж, гэрээг цуцлана.
- Жолооч бүртгэлийн журамд заасан тусгайлсан шаардлагыг хангаагүй бол үйлчилгээний эрхийг хэсэгчлэн хаана.
- Зөрчлийн журамд заасан заасан ноцтой зөрчил гаргасан бол үйлчилгээний эрхийг бүхэлд нь хааж гэрээг цуцлана.
- Зөрчлийн журамд заасан тохиолдолд зарим төрлийн үйлчилгээний эрхийг хэсэгчлэн хаана.
- Мерчантын төлбөр тооцоог барагдуулаагүй хугацаа хэтрүүлсэн бол үйлчилгээний эрхийг бүхэлд нь хааж гэрээг цуцлана.
ДӨРӨВ. ҮЙЛЧИЛГЭЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
-
Үйлчилгээнд машинаа бэлдэх тухай:
- Системд бүртгэлтэй улсын дугаар, загвар, өнгө бүхий машинаар үйлчилнэ.
- Машин нь цэвэрхэн, өнгө үзэмжтэй, үнэргүй байна.
-
ЮБИКАБ системийг ажилд бэлдэх тухай:
- Дуудлагын системийг ажиллуулах ухаалаг утас хэвийн ажиллагаатай байна.
- Систем дээрх утасны бүртэл нь систем суусан төхөөрөмж дээрх утасны дугаартай таарсан байна.
- Ухаалаг төхөөрөмжөө машин дотроо цэнэглэх цэнэглэгчтэй байна.
- Ухаалаг төхөөрөмжөө тоолуурын байрлалд бэхлэх суурьтай байна.
- Ухаалаг төхөөрөмжийн Дата эрх нээлттэй буюу GPS, 3G, 4G, 5G хэвийн ажиллагаатай байна.
-
Дуудлага хүлээн авах тухай:
- Дуудлага хүлээн авах хэсгийг зөвхөн үйлчилгээнд гарахад бэлэн болсон үед идэвхжүүлнэ.
- Ирсэн дуудлага бүрийг аль болохоор хүлээн авч, чанартай гүйцэтгэнэ.
- Ирсэн дуудлагаас, хэт олон дуудлага авалгүй өнгөрөөх нь дараагийн дуудлагын чанарт нөлөөлнө.
- Ирсэн дуудлагын хаяг, хаяг хүртэлх зайн мэдээллийг анхааралтай харж, дараа дуудлагаа авна.
-
Хаягандаа очих тухай:
- Хаяг тодорхойгүй, эргэлзээтэй бол зорчигч руу холбогдон хаягийг тодруулна.
- Зорчигч таны ирж байгаа мэдээллийг утсан дээрээ байнга харах тул зорчигчийн хаяг руу очихдоо зам хазайлгүй, шуурхай очно.
- Хаягтаа бүрэн очсоныхоо дараа “ИРЛЭЭ” товч дарж зорчигчид мэдэгдэнэ.
-
Аялал эхлүүлэх:
- Хаягтаа очсоны дараа 5 минут зорчигч гарч иртэл хүлээнэ. Хүлээлгийн 5 минут дотроо зорчигч руу заавал залгах шаардлагагүй.
- Шаардлагатай тохиолдолд хэрэглэгч рүү зурвас илгээнэ.
- Зорчигч гарч ирэхэд аялал эхлүүлэх 4 оронтой тоог нь заавал асууж кодыг нь хийн аяллыг эхлүүлнэ.
- Үндсэн хүлээлгийн 5 минут өнгөрсөн ч зорчигч гарч ирээгүй тохиолдолд зорчигч руу холбогдон төлбөртэй хүлээлэг эхлүүлэхийг мэдэгдэж, хүлээлгийг эхлүүлэн зорчигчийг гарч иртэл төлбөртэй хүлээнэ.
-
Аяллыг цуцлах:
- Хаягтаа очиж “ИРЛЭЭ” дарснаас хойш үндсэн хүлээлгийн 5 минут өнгөрч, зорчигчтой холбогдох үед зорчигч үйлчилгээ авахаас татгалзсан эсвэл утас нь удаа дараа холбогдоогүй тохиолдолд аяллыг Жолооч цуцлан дараагийн үйлчилгээндээ гарч болно.
-
Аяллыг гүйцэтгэх:
- Аяллын туршид аппликейшны дэлгэцэд гарах тоолуурыг хэрэглэгчид харагдах байрлалд байнгын асаалттай байлгана.
- Аяллын туршид хэрэглэгчтэй эелдэг, боловсон харилцана.
- Хэрэглэгч “Чимээгүй аялал” сонгосон тохиолдолд автомашины хөгжмийг унтрааж, хэрэглэгчтэй үйлчилгээтэй холбоотой асуудлаас бусад сэдвээр ярилцахгүй.
-
Давхар дуудлага авах тухай:
- Эхний хэрэглэгчийг буулгах байрлалд 1км дотор ойртож ирснээс хойш дуудлага авах хэсгийг идэвхжүүлэн давхар дуудлага хүлээн авна.
- Хэрэглэгчид үйлчилгээ үзүүлж байхдаа ямар ч тохиолдолд нэмж хэрэглэгч авахгүй.
-
Аялал дуусгах тухай:
- Хэрэглэгч очих газраа хүрэхэд аяллыг дуусгаж төлбөрийг хүлээн авна.
- Хэрэглэгчийг зорчих хэсгийн баруун тал руу аюулгүй буухыг сануулна.
- Хэрэглэгчийг буухад эд зүйлсээ мартсан эсэхийг заавал лавлах ба буусны дараа машинаа шалгаж ямар нэг эд зүйл орхигдсон тохиолдолд хэрэглэгчид нэн даруй хүлээлгэн өгнө.
- Стандартын 4.10.3-т заасан хугацаанд хэрэглэгчид хүлээн өгөх боломжгүй тохиолдолд эд зүйлийг Юбикаб Оффист хүлээгэн өгнө.
-
Хэрэглэгчийн гомдлыг “ҮЛ МАРГАХ” журмаар шийдвэрлэх тухай:
- Хэрэглэгчийн гомдол систем дээр бүртгэгдсэн тохиолдолд “Үл маргах” журмаар хариуцлага тооцогдоно.
- Систем дээр бүртгэгдсэн Хэрэглэгчийн гомдолтой биечлэн танилцаж болох ба энэ хүсэлтээ Юбикабд гаргаж болно.
- Хэрэглэгч тухайн жолооч дээр гомдол гаргасантай холбоотойгоор дараагийн дуудлагыг авахгүй байх, санаатайгаар үйлчилгээ дээрээ доголдол гаргах зэрэг үйлдэл нь бусад жолооч, нийт Юбикаб үйлчилгээний нэр хүндэд санаатайгаар сөрөг нөлөө үзүүлнэ.
- Аяллын явцад болон аялал дууссанаас хойш хэрэглэгчтэй ямар ч тохиолдолд хувийн зорилгоор холбогдохгүй байх үүрэгтэй.
-
Ажил амралтын цаг, ээлжийн жолооч ажиллуулах тухай
- Жолооч нь өөрийн ажлын цагийг зохион байгуулах бөгөөд, хууль тогтоомжид зааснаас илүүгүй хугацаагаар ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Хуульд зааснаас илүү хугацаагаар ажилласнаас үүдэн хэрэглэгчид учруулсан хохирлыг бие даан хариуцна.
- Жолооч 1 хүртэл ээлжийн жолоочтой байхыг зөвшөөрнө.
- Ээлжийн жолооч нь үндсэн жолоочийн нэгэн адилаар Юбикаб-тай гэрээ байгуулсан байна.
ТАВ. ХЭТЭВЧ, ТӨЛБӨР ТООЦОО
-
Төлбөр тооцоо
- Жолоочийн үзүүлэх үйлчилгээний төлбөрийг Юбикабын зүгээс эцэслэн тогтоож, системд автоматаар тохируулсан байна.
- Юбикабын үйлчилгээний шимтгэл нь үйлчилгээний онцлогоос шалтгаалан харилцан адилгүй хувьтай байх хувьтай бөгөөд, үйлчилгээний шимтгэлийг жолоочийн системд нээлттэй байршуулна.
-
Жолооч хэрэглэгчийн үйлчилгээний төлбөрийг дараах хэлбэрээр хүлээн авах боломжтой байна.
- Бэлэн мөнгөөр;
- Дансаар шилжүүлэн авах;
- Төлбөрийн бусад хэрэгслээр хүлээн авах;
- Төлбөрийг зөвхөн системийн тоолуурын заалтаар авч хариулт Хэрэглэгчид бүрэн өгнө.
- Жолооч аль ч тохиолдолд системээс тогтоосон төлбөрөөс илүү төлбөр тооцож авах, бэлнээр болон дансаар шилжүүлэн төлсөн төлбөрийг дахин нэхэмжлэх хориглоно.
- Жолооч өөрийн үйлчилгээний төлбөртөө Ибаримт олгох бөгөөд ибаримтыг системээс автоматаар үүсгэнэ.
-
Жолоочийн хэтэвч
- Төлбөрийн систем ашиглан хэрэглэгчийн төлсөн үйлчилгээний бүх төлбөр жолоочийн хэтэвч данс руу шилжинэ.
- Юбикаб нь жолоочийн үйлчилгээний шимтгэл, Мерчантын өр, төлбөр, компанид учруулсан хохирлыг түүний хэтэвчнээс суутган авч болно.
-
Хэтэвчинд хуримтлагдсан орлогыг дараах байдлаар зарцуулна.
- Мерчантын бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авах, төлбөр тооцоог төлөх;
- Кредит худалдан авах;
- Энэхүү нөхцөлд заасан журмаар арилжааны банкны харилцах дансандаа шилжүүлэн авах;
- Жолооч хэтэвчний орлогоос журмын 5.2.3-д заасан суутгалыг суутгуулсан дүнгээр өөрийн арилжааны банк дахь холбогдсон дансандаа 24 цаг тутам нэг удаа шилжүүлэн авна.
- Хэтэвчнээс орлогоо татан авах дээд дүнг Юбикаб-н зүгээс тогтоох, өөрчлөх эрхтэй.
- Хэтэвчнээс хуримтлагдсан орлого татан авахтай холбоотой банк, гуравдагч этгээдийн үйлчилгээний шимтгэлийг жолооч хариуцан төлнө.
- Жолооч өөрийн аппликейшн, хэтэвчний аюулгүй байдлыг хариуцах бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан хэтэвчний үлдэгдлийг гуравдагч этгээдэд алдсан, ашиглуулсан тохиолдолд хариуцлагаа бие даан хүлээнэ.
-
Кредит цэнэглэх, ашиглах тухай
- Жолооч өөрийн үйлчилгээнд ашиглагдах үйлчилгээний шимтгэл буюу кредитийг Юбикабаас урьдчилан худалдаж авна. Эсвэл Юбикабын зүгээс жолоочийн хэтэвчний орлогоос шимтгэлийг суутган авч болно.
- Нэг кредит нь нэг төгрөгтэй тэнцүү байна.
- Жолооч бусад жолооч руу кредит шилжүүлэх, хэтэвчний орлогоосоо кредит цэнэглэх боломжтой байна.
ЗУРГАА. АЖЛЫН ХАРИУЦЛАГА, САХИЛГЫН ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧИД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА
- ЮБИКАБ жолоочийн зөрчлийг тодорхойлох, жолоочид хариуцлага ногдуулах, гэрээ цуцлахтай холбоотой асуудлыг “Зөрчлийн журам”-аар шийдвэрлэнэ.
- Ажлын хариуцлага алдсан, үйлчилгээний журмыг зөрчсөний улмаас бусдад учирсан хохирол болоод бусдын хаяж гээгдүүлсэн эд зүйлийн өмнө байгууллага хариуцлага хүлээхгүй ба жолооч өөрийн биеэр хариуцна.
- Жолооч систем ашиглан үйлчилгээг гүйцэтгэх үедээ бусдад хохирол учруулсан бол хохирлыг үл маргах журмаар бие даан хариуцан төлнө.
- Хэрэв жолооч нь нууц мэдээллийг зориуд задруулсан, ашигласан, эсвэл хамгаалаагүйгээс үүдэн компани болон хэрэглэгчид хохирол учирсан тохиолдолд, тухайн жолооч хуулийн хариуцлага хүлээж, нөхөн төлбөр барагдуулах үүрэгтэй байна.
ДОЛОО. МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ
- Нууц мэдээллийн тодорхойлолт
- Энэхүү гэрээний хүрээнд “нууц мэдээлэл” гэж жолооч ажил үүргээ гүйцэтгэх явцад мэдэж авсан, дараах мэдээллийг ойлгоно. Үүнд:
- - Үйлчлүүлэгчийн хувийн мэдээлэл (нэр, утасны дугаар, байршил, зорчих чиглэл, төлбөрийн мэдээлэл гэх мэт),
- - Компанийн дотоод журам, системийн бүтэц, апликейшний үйл ажиллагааны мэдээлэл,
- - Төлбөр тооцоо, урамшууллын бодлого,
- - Бусад олон нийтэд ил тод бус аливаа мэдээлэл.
- Нууц мэдээллийг задруулахгүй байх
- Жолооч нь Нууц мэдээллийг гуравдагч этгээдэд ямар ч хэлбэрээр дамжуулахгүй, задруулахгүй байх, хувийн ашиг сонирхлоор ашиглахгүй байх, аппликейшн ашиглалтаас гарах үед ч энэхүү үүргээ хадгалан үлдэх, үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр тэдний зураг, байршил, яриа болон бусад мэдээллийг бичиж түгээхгүй байх үүрэгтэй.
НАЙМ. ЖОЛООЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
- Үйлчилгээний соёл ба харилцаа
- • Үйлчлүүлэгчтэй найрсаг, хүндэтгэлтэй харьцах
- • Хараалын болон доромж үг хэллэг хэрэглэхгүй байх
- • Үйлчлүүлэгчийг арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, гарал угсаа, биеийн байдал зэргээр ялгаварлахгүй байх
- • Үйлчилгээний явцад маргаан үүссэн тохиолдолд тайван, эв зүйтэй шийдвэрлэх
- Хувийн цэвэр байдал ба тээврийн хэрэгслийн арчилгаа
- • Цэвэр цэмцгэр хувцасласан байх
- • Автомашинаа тогтмол угааж, доторх орчныг цэвэр байлгах
- • Машин дотор тамхи татахгүй, хүчтэй үнэртэн хэрэглэхгүй байх
- • Үйлчлүүлэгчийн тав тухыг хангахын тулд хэт чанга хөгжим тавихгүй байх
- Аюулгүй байдал ба хариуцлага
- • Замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөх
- • Хэт хурдтай давхих, огцом тоормослох, эрсдэлтэй маневр хийхээс зайлсхийх
- • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлчилгээ үзүүлэхгүй байх
- • Үйлчлүүлэгчийн эд зүйлсийг анхааралтай хамгаалах
- Нууцлал ба мэдээллийн хамгаалалт
- • Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг задруулахгүй байх
- • Зураг, видео бичлэг зөвшөөрөлгүй хийхгүй байх
- • Аппликейшн дээр өгөгдсөн мэдээллээс өөр зорилгоор харилцаа тогтоохгүй байх
- Шударга үнэ, үнэн зөв мэдээлэл
- • Үйлчилгээний үнэд хуурамч нэмэлт төлбөр шаардахгүй байх
- • Аппликейшн дээр өгөгдсөн чиглэлээр тээвэр хийх
- • Зориуд зам уртасгах, тойруу замаар явахгүй байх
- Тайлагнах ба хамтран ажиллах
- • Үйлчлүүлэгч эсвэл бусад жолоочтой холбоотой зөрчил, ослын талаар компанид шуурхай мэдээлэх
- • Компанийн зүгээс өгсөн сургалт, зааварчилгаанд идэвхтэй хамрагдах
- • Ёс зүйн зөрчил гаргасан нөхцөлд хүлээлгэх хариуцлагыг ухамсарлах
ЕС. ЖУРМЫГ ДАГАЖ МӨРДӨХ
- Энэхүү журмыг Ubcab системд бүртгэлтэй нийт жолооч нар дагаж мөрдөнө.
- Шинээр бүртгүүлж, үйлчилгээнд гарч буй жолооч нар гэрээ байгуулах үед журамтай уншиж танилцсанаар үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө.
Хувилбар: 2.5.0
ЮБИКАБ ХОЛДИНГ ХХК
2025.05.01